Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байна гэсэн үг юм. Тэгш байдлын тухай ойлголт цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр ирсэн.
Тэгш байдлыг анхандаа хүмүүст хувийн болон бүлгийнх нь нөхцөл байдлаас үл шалтгаалан нэгэн адил байдлаар хандах явдал гэж ойлгож байжээ. Орчин үед жендэрийн тэгш байдлыг эмэгтэй эрэгтэй хүмүүст ялгаагүй хандах бус, харин нөхцөл байдлыг нь адил тэгш хангахад анхаарах явдал гэж ойлгох болсон. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн байх бус, харин тэдний эдлэх боломж, бололцоо нь тэгш, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурь, эрх үүрэг нь адил байна гэсэн үг. (Жендэрийн нэр томьёо тодорхойлолт, үндсэн ойлголтуудын тайлбар толь, 2013 ЖҮХ)
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-аас жендэрийн тэгш байдлыг одоогоор дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
• Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн, охид хөвгүүдийн ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг эн тэнцүү анхаарч, үнэлж байхыг хэлнэ.
• Тэдний эдлэх эрх, хүртэх буюу сонгох боломж, хүлээх хариуцлага нь ямар хүйстэй төрснөөс нь үл шалтгаалж байхыг хэлнэ.
• Эмэгтэй эрэгтэй хэн ч болов бүрэн дүүрэн амьдрах ёстой (Жендэр ба бодлого төлөвлөлт гарын авлага, ЖҮХ, 2018 )
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын жишээ:
- Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн нөхцөл бий болгох. Учир нь эмэгтэйчүүд зээл авахад өөрийн нэр дээр эзэмшиж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн хувь эрэгтэйчүүдээс харьцангуй бага байдаг. Тиймээс зээлэнд хамрагдахад бэрхшээл учирдаг болохоор тусгайлсан зээлийн нөхцөл шаардлагатай байдаг.
- УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх - Ингэснээр иргэдийн амьдралын чанарыг дэмжих, иргэдэд ээлтэй (сургууль, цэцэрлэг, хүүхэд хамгаалал) санал, шийдвэрүүдийг анхааран хэлэлцэх боломжууд нэмэгддэг гэх судалгаа байдаг.