Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) гэдэг нь нийгмийн зүгээс эрэгтэй, эмэгтэй хүмүүст оногдуулсан үүрэг хариуцлага, нийгмийн хэм хэмжээ, хүлээлтээс буюу аливаа нийгмийн хүрээнд оршиж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын эрхийн тэгш бус харилцаанаас үүдэн гарч буй хүчирхийллийг илэрхийлнэ.
ЖСХ-д эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг багтдаг. Дэлхий дахинд ЖСХ, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хамгийн түгээмэл байдаг хэдий ч хамгийн бага мэдээлэгддэг хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог.
МУ-ын хэмжээнд түгээмэл тохиолдох жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг буюу хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн халдлага болон бэлгийн дарамт, хүн худалдаалах зэрэг хүчирхийлэл, гэмт хэргийн төрлүүд багтаж байна (Энхжаргал, 2016, 5х). (Нийгмийн ажлын практик ба Жендэрт суурилсан хүчирхийлэл)
Жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох гэр бүлийн хүчирхийллийн төрөл
- Бие махбодын хүчирхийлэл: Эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоохоор хүч хэрэглэн биед нь халдаж эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулсан, эсвэл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
- Бэлгийн хүчирхийлэл: Бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, хүүхэд, гэр бүлийн гишүүд болоод хамтрагчаа бэлгийн харилцаанд оруулахыг завдсан, оруулсан зэргийг хэлнэ.
- Эдийн засгийн хүчирхийлэл: Гэр бүлийн гишүүн нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарлахыг хэлнэ.
- Сэтгэл санааны хүчирхийлэл: Гэр бүлийн этгээдээ айлган сүрдүүлэх, мөрдөн мөшгөх, нэр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, шаардах, үг хэл үйл хөдлөлөөрөө дарамтад оруулах
НҮБ-ын Хүн Амын Сангийн 2017 оны “Жендэрт суурилсан хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаанаас харахад дунджаар 3 эмэгтэй тутмын хоёр (57.9%) нь амьдралынхаа аль нэг үед хамтрагч эсвэл урьд нь хамтран амьдарч байсан этгээдийн үйлдсэн (бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, хянах зан үйл, эдийн засгийн) хүчирхийлэлд өртсөн байдаг байна.