Байгууллагаас зохион байгуулдаг аливаа албан бус хамт олны үйл ажиллагаа нь байгууллагын соёлын томоохон илрэл төдийгүй хамт олны уур амьсгалыг бэхжүүлээд зогсохгүй байгууллагын амжилт бүтээлд эерэг нөлөө үзүүлдэг билээ.
Хамт олны дунд зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааны үеэр хүн бүр жендэрийн ялгаатай байдлаас үл хамааран хүлээн зөвшөөрүүлэх, хүндлүүлэх аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байлгах нь тухайн байгууллагыг эрүүл, аюулгүй орчинд байгаа эсэхийг үнэлж болно.
- Ажилтан бүрийн хүйс, илэрхийллээс үл хамааран хүн бүрийн онцлог үзэл бодол, хэрэгцээг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх
- Жендэрийн хэвшмэл ойлголтоор аливаа үйл ажиллагааг төлөвлөхөөс зайлсхийж, хүн бүрд хүртээмжтэй, хүндэтгэлтэй уур амьсгалыг хэрхэн бий болгох талаар харилцан яриа, санал хүсэлтийг авдаг, дэмждэг байх
Жендэрийн мэдрэмжтэй хамт олны үйл ажиллагааны ач холбогдол:
- Ажилтнууд ажлын байрандаа аюулгүй, тав тухтай байдлыг мэдэрнэ
- Хүмүүсийн олон янзат, ялгаатай байдлыг хүндэлж, үнэлснээр багийн ажил, хамтын ажиллагаа сайжирна
- Таатай, дэмжлэг бүхий байгууллагын соёлыг төлөвшүүлж, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлнэ
Жендэрийн мэдрэмжтэй хамт олны үйл ажиллагаа:
- Хамт олноороо арга хэмжээ зохион байгуулахдаа олон талт төлөөлөл оролцуулдаг
- Арга хэмжээ, уулзалтад бүхий л төлөөллийг ижил тэнцүү оролцуулдаг
- Аливаа үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй, онцлог хэрэгцээтэй ажилтанд зориулсан тохируулгатай байх. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй ажилтанд дохионы хэлмэрчээр дамжуулан харилцах, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог
Жендэрийн мэдрэмжгүй хамт олны үйл ажиллагаа:
- Баярын арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах, нээхдээ зөвхөн эрэгтэй хүмүүс төлөөлдөг
- Тэмдэглэлт баяруудыг ажилтнуудын нөхцөл байдалд тохиромжгүй, уян хатан бус хэлбэрээр зохион байгуулж, санхүүгийн дарамтыг ажилтнуудад бий болгодог. Мартын 8, Цэргийн баярыг эсрэг хүйстний ажилтнууд бие биедээ бэлэг авч өгөх үүрэгтэй хэмээн мөнгө хураадаг. Зарим байгууллагууд цөөн эмэгтэй, эрэгтэй ажилтнуудтай байдаг учир цөөн байгаа хүйсийн ажилтнууд илүү их зардал гаргадаг
- Аливаа үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй, онцлог хэрэгцээтэй ажилтанд зориулсан тохируулга байхгүй. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй ажилтанд дохионы хэлмэрчгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулах,
- Баяр ёслолын үеэр +18 сэдэвтэй тоглоом тоглуулах гэх мэт
- Томилолт болон аялал зугаалгаар явах үед зөвхөн хүйсээр ялган өрөөнд хуваарилдаг. Тусгай хэрэгцээ, хүйсийн болон бэлгийн чиг баримжааг анхаарч өрөөнд хуваарилдаггүй