Хамт олны уур амьсгалыг эерэг болгоход нөлөөлдөг харилцааны төрөл нь ХОШИГНОЛ юм. Гэхдээ бид хэрхэн хил хязгаартайгаар хошигнож буйгаа мэддэг үү? Үүнийг анзаарахгүй явснаар заримдаа хамт олны маань хэн нэгэнд сэтгэлзүйн хувьд шарх, ичгүүр, доромжлол, ялгаварлан гадуурхалтыг мэдрүүлж урт хугацаандаа сэтгэцийн эрүүл мэнд, ажил амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Хошигнолын 4 төрөл:
Түрэмгий хошигнол: Хэн нэгнийг доромжилсон, гутаасан хошигнол. Санаатайгаар, зорилготойгоор бусдад сэтгэл зүйн хор хохирол учруулахуйц, аюул тухгүй байдал мэдрүүлж буй хошигнол нь дээрэлхэх үйлдэл гэнэ.
Бүх хүнд хамааралтай хошигнол: Энэ нь хүн бүрд инээдтэй санагдаж болох зүйлсийн талаар хошигнол ярих явдал юм. Зорилго нь нөхөрлөл, аз жаргал, сайн сайхан байдлын мэдрэмжийг бий болгох явдал юм. Өдөр тутмын амьдралаас гаргаж ирсэн буюу бүх хүмүүст тохиолдож болох үйл явдлыг ярьж хүмүүсийг нэгтгэдэг хошигнол.
Өөрийгөө сайжруулсан хошигнол: Өөрт тохиолдсон таагүй үйл явдлыг хошигнол болгож ярих юм. Өдөр тутамд тохиолддог үйл явдлыг ярихдаа өөрийгөө тухайн хошигнолын бай болгодог төрөл. Энэ нь стрессийг эрүүлээр даван туулах аргын нэг хэлбэр.
Өөрийгөө доош нь хийсэн/гутаасан хошигнол: Өөрийгөө түрэмгий байдлаар доош нь хийсэн эсвэл өрөвдөх маягаар өөрийгөө гутаах, доош нь хийж буй хошигнолын төрөл. ( Ronald E. Riggio Ph.D, Psychology today, 2015)
Эдгээр хошигнолын төрлүүдээс бүх хүнд хамааралтай хошигнол болон өөрийгөө сайжруулсан хошигнолын төрлүүд нь өөрийгөө үнэлэх үнэлэмж болон өөрийн талаар дүгнэх чадваруудад эерэг нөлөөтэй байна. Харин түрэмгий болон өөрийгөө гутаасан хошигнолын төрлүүд эсрэг нөлөөтэй байна. (Thomas E. Ford, Personality, Humor Styles and Happiness: Happy People Have Positive Humor Styles, 2016)
Сексист буюу жендэрийн мэдрэмжгүй хошигнол гэдэг нь "хүйсээр нь хүнийг гутаасан, доромжилсон, хэвшмэл ойлголттой, хохирогч болгох эсвэл объектив болгох" хошин шогийн нэг төрөл юм. Түүгээр ч зогсохгүй жендэрээр ялгаварлан гадуурхах хошигнол нь хүчин үйлдэх нь хэвийн зүйл гэх мэтээр ойлгуулах (ялангуяа эрэгтэйчүүдэд), хохирогчийг буруутгах хандлагатай болох өндөр магадлалтай байна.
Сексист хошигнол нь жендэрээр ялгаварлан гадуурхсан үзэл суртлыг илүү “хүлээн зөвшөөрөгдөхүйц” хэлбэрээр дамжуулах нэг чухал механизм гэж үзэж болно. (I’m just joking! Perceptions of sexist humour and sexist beliefs, International Journal of Psychology, 2022)
Хошигнолын төрлүүд дотроос жендэрийн мэдрэмжгүй буюу жендэрээр ялгаварлан гадуурхсан хошигнол нь түрэмгий хошигнолын төрөлд багтах бөгөөд энэ нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийн талаар дүгнэх чадваруудад сөрөг нөлөөтэй байдаг. Харин эсрэгээрээ мэдрэмжтэй хошигнол нь бүх хүнд тааламжтай мэдрэмж төрүүлдэг, хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлоогүй байдаг.
Жишээ нь:
- Залуу ажилтнууд, ялангуяа эмэгтэйчүүдийг хувцаслалт, биеийн хэлбэр зэрэг хувийн онцлогийн талаар хамтдаа тохуурхах, доромжлох.
- Насны ялгаагаар хошигнол хийх (Бүүмэр (boomer) болохоор ийм юманд дуртай, удахгүй тэтгэвэртээ гарах гэж байж, Жен Зи (Gen Z) хүүхдүүд эморчих юмаа, иймхэн юм мэдэхгүй)
- Ганц бие залуу ажилчдыг хооронд холбож хошигнол хийдэг. (Та хоёр үерхээч, та хоёрын хүүхэд хөөрхөн байна байх даа, чамайг тэр хүнтэй суулгаад байгууллагадаа аваад үлдчих юмсан гэх мэт)